
Өнөөдөр ажил хайгчдын дунд хамгийн их яригдаж буй асуудлын нэг нь насны ялгаварлал болж байна. Glassdoor-н 2025 оны 1-р улирлын тайланд дурдсанаар, 50-аас дээш насны ажил хайгчдын насны ялгаварлалтай холбоотой гомдол өмнөх жилээс 133%-аар өссөн байна. Энэ нь зөвхөн ажилд орох шатанд ч биш, ажлын байран дээр ч илэрч буй ноцтой асуудал гэдгийг харуулж байна.
Ахмад ажил хайгчдын тулгамдсан асуудлууд:
- Ярилцлагын шатанд тэнцэхгүй байх: Зарим ажил олгогчид ахмад ажил хайгчдын өргөдлийг наснаас нь болж эхний шатнаас хасдаг.
- CV болон ярилцлагын арга барил хоцрогдсон байх: Орчин үеийн CV-ийн стандарт, AI-д суурилсан анкет шалгах системийн онцлогийг мэдэхгүйгээс шалтгаалан өргөдөл нь сонгогдохгүй байх тохиолдол элбэг.
- Ажлын байран дээрх ялгаварлал: Ахмад ажилтнууд адилхан ажлыг хийж байгаа мөртлөө бага цалин авах, тушаал дэвших боломж хязгаарлагдах, бүр тэтгэвэрт гарахыг шахах гэх мэт асуудалтай тулгардаг.
Ажил олгогчдод зориулсан зөвлөмж:
Насны ялгаварлал бол зөвхөн ёс зүйн асуудал биш, компанид бизнесийн алдагдал дагуулдаг. CWI Labs-ийн судалгаагаар энэ асуудал зөвхөн АНУ-ын эдийн засагт жил бүр их хэмжээний хохирол учруулж байгаа нь тогтоогджээ.
Шийдэл ба алхмууд:
- Анкет шалгах системээ хянах: AI системүүд насны мэдээлэлд хэт төвлөрч, боломжийг хааж болзошгүй. Алгоритм, тохиргоонд анхаарах хэрэгтэй.
- Ярилцлагын арга барилыг шинэчлэх: Нас харгалздаггүй, тэгш боломж олгодог ярилцлагын стандарт нэвтрүүлэх.
- Ажлын байрны соёлыг сайжруулах: Ахмад ажилтнуудын туршлага, мэдлэгийг үнэлж, тэднийг хүндэтгэхийг байгууллагын үнэт зүйл болгож төлөвшүүлэх.
- Зөвлөгөө ба сургалт санал болгох: Ахмад ажил хайгчдад зориулсан CV шинэчлэх зөвлөгөө, ярилцлагын бэлтгэл сургалт, коучингийн үйлчилгээг санал болгох.
- Насны тэнцвэртэй баг бүрдүүлэх: Залуу ажилтнуудын эрч хүч, ахмад ажилтнуудын туршлагыг хослуулсан баг бүтээмж, тогтвортой байдлыг нэмэгдүүлдэг.
Ажил хайгчдад зориулсан зөвлөмж:
Ахмад ажил хайгчдын хувьд нас бол сул тал биш, харин туршлага, тогтвортой байдал, шийдвэр гаргах чадвар гэсэн давуу тал гэдгийг онцлох хэрэгтэй.
Хийж болох алхмууд:
- CV-ээ шинэчлэх: Орчин үеийн формат, түлхүүр үг, AI суурьтай бүтэц ашиглах.
- Ярилцлагын ур чадвараа хөгжүүлэх: Өмнөх туршлага, зан төлөвт суурилсан ярилцлага онлайн ярилцлагад бэлтгэх.
- Туршлагаа онцлох: Нас бол сул тал биш. Туршлага, тогтвортой байдал, шийдвэр гаргах чадвар зэрэг давуу талаа тодотго.
- Ажил хайх сувгаа өргөжүүлэх: Ажил хайх платформуудад бүртгүүлэн CV-ээ үүсгэх болон салбарын арга хэмжээнд идэвхтэй оролцож, шинэ боломжуудыг нээх.
Насны ялгаварлал бол шийдэж болох асуудал. Ажил олгогчид, Хүний нөөцийн мэргэжилтнүүд, ажил хайгчид хамтдаа ойлголт, хандлагаа өөрчилснөөр илүү тэгш, олон талт, үр дүнтэй хөдөлмөрийн зах зээлийг бий болгож чадна.