Амжилттай ажиллана гэдэг ердөө гайхамшигтай санаа олох, эсвэл чадварлаг баг бүрдүүлээд болчихдог зүйл биш ээ. Хамгийн чухал нь ажлаас халшрахгүй хэр нь урам зоригтой хэвээрээ байж чадах хэрэгтэй. Ажил дээрээ ядраад байна гэдэг, түүнийгээ мэднэ гэдэг нь сул доройн биш, харин ч өөрийгөө маш сайн ойлгож чадаж байгаа сайн чанар юм шүү.
Аливаа ажлаас нэг алхам ухарч, “за за энэ янзаараа чадахгүй юм байна. Бусдаас тусламж хүсье” гэж шийднэ гэдэг бол том чадвар. Үүний тулд ажлын ачааллаас болж үүссэн ядаргааг даамжруулж ажлаас халшрахад хүргэж болохгүй.
Ажлаас болж ядарч байгаагийн эхний шинж тэмдгүүд
Ажлын ядаргааг ажлаас халшрах хам шинж болгохгүйн тулд эхлээд ядаргаагаа таньж сурах хэрэгтэй. Үүнийг танихад амаргүй. Учир нь ажлаас болж үүссэн ядаргаа эхэндээ энгийн, үл мэдэгдэхүйц, ажлын стресстэй андуурмаар байдаг. Хэдий тийм ч үл ойшоолгүй сайтар ажигласнаар ажлын ядаргааг эрт таних боломжтой.
- Ажлын ядаргааны эхэн үеийн шинж тэмдгүүдээс дурдвал:
- Элдэв төсөл, хурал, ажил хүлээлгэх хугацаанаас болж үргэлж сэтгэл түгших
- Ойр ойрхон илүү цагаар ажиллаж, ажил, амьдралын тэнцвэр алдагдах
- Яаж ч амжилтад хүрсэн хамаагүй ажилдаа сэтгэл ханахгүй байх
- Чадвар чансаагаа сорих биш, дааж давшгүй хүнд ачаа үүрч байгаа юм шиг санагдах
Хамгийн гол нь хамаг анхаарал асуудалд шийдэл хайхад биш, ямар асуудал тулгараад байгаад төвлөрөөд эхэлбэл байдал ноцтой болсон байж тун болзошгүй. Тиймээс оройтоогүй дээр нь асуудлаа ойлгож, нүүр тулах нь зүйтэй.
Ажлын ядаргааг улам дордуулах хүчин зүйлс
Юу юугүй ажлаас халширдаг болж болзошгүй, ажлаасаа ихэд ядардаг болчихсон байгаагаа ойлгочихлоо гэж бодъё. Дараа нь яах вэ? Юунаас болж ядраад, яагаад ядаргаа улам даамжраад байгааг ойлгож, шийдэл хайх хэрэгтэй.
Ажил дээр ядрах олон шалтгаан бий. Байгууллагын орц гарц, олон шатаар явах, багийн хүндтэй гишүүн байх, даргадаа таалагдахын тулд хичээх гэх мэт явдлууд ажилчдыг ядраах нь элбэг. Эдгээр болон бусад, бас холилдсон олон асуудлаас болж ядраад байгаагаа анзаарсан бол аливаад мэргэжлийн хил зааг тогтоож сурах хэрэгтэй.
Мэргэжлийн зааг
Ажлаас болж ядраад байгаагаа ойлголоо гээд халшрахгүйн тулд хамаг асуудал, хариуцлагаасаа зугтаад байж болохгүй. Харин ч ажлаа илүү мэргэжлийн түвшинд шинээр зохион байгуулж, бүгдийг цэгцтэй хийх нь чухал. Тэгэхдээ ажлаа хэрхэн эрэмбэлэх, хуваарилах, цагаа яаж зарцуулж байгаадаа анхаарвал зүйтэй. Хэдий одоо байгаагаараа ажил урагштай сайн байж болох ч эхнээс нь нэг эргэн харахад буруудах зүйлгүй.
Чухам хэрхэн мэргэжлийн хил хязгаар, зааг тогтоох нь мэргэжил болгонд ялгаатай ч гэлээ ихэвчлэн цөөн нийтлэг зүйлээс эхэлдэг аж.
Нэгдүгээрт, аливаа ажил, төсөл ямар төлөвлөгөөтэй, хэзээ дуусах ёстойг нээлттэй хэлэлцэх хэрэгтэй. Тэгж байж багийн бүх гишүүдийн ажил жигд, зэрэг үргэлжлэх боломжтой болно.
Хоёрдугаарт ажлуудаа жигд хуваарилж, өөр өөрсдийнхөө ажлыг хариуцах нь чухал. Ингэснээр ганц таны ажлын ачаалал хөнгөрөөд зогсохгүй багийн бүх гишүүд өөрсдийгөө жигд сорих боломж олдоно. Тэгэхдээ гол нь тэдний үйл явцыг анхаарч, хэрэгтэй тусламжаар хангах хэрэгтэй.
Гуравдугаарт ямар төсөл бусдаасаа чухал гэдгийг эрэмбэлэн өөр хооронд нь албан ёсны, мэргэжлийн түвшинд зааг тавих хэрэгтэй. Зэрэг дуусгах ёстой хоёр төсөл байлаа гэхэд алийг нь түрүүлж эхлүүлэх талаараа бодно гэсэн үг. Аль нь илүү хүртээмжтэй, ашигтайг бодоод үзээрэй. Хэрвээ арай жижиг төсөл эхлээд дуусгах ёстой байтал нөгөө том төсөл нь зэрэг дуусах ёстой ч ажил хэрэг болтлоо хэдэн өдрийн зай байгаа бол жижгээ эхлээд дуусга. Эсвэл арай чухал төслөөс болж өөр нэг төслөө хойшлуулах шаардлага гарлаа гэхэд түүнд хамаатай хүмүүст аль болох эртнээс мэдэгдэх нь зөв.
Ядаргаанаас ангижрах зам
Нэгэнт ажлаас болж ядраад байгаагаа ойлгож, нүүр тулсан бол урт хугацааны шийдэл олж, ирээдүйд ажлаас халшран амжилтаа сүйрүүлэхээс сэргийлэх хэрэгтэй.
Ажлын аль түвшинд тэнцвэр алдагдаад байгааг олох хамгийн гол. Олсныхоо дараа харин тэнцвэртэй болгох хэрэгтэй. Ажлын бэрхшээл, ачаалал, харилцааг тэнцвэртэй байлгах нь урт хугацаандаа амжилттай ажиллах түлхүүр юм.
Ажлаасаа болж ядарч байгаагаа хүлээн зөвшөөрөх, ядаргаагаа зохицуулахын тулд хичээх нь ядагдаж байгаа хэрэг огт биш, харин ч цаашдын улам том амжилтад хүрэх зөв зам, сайн чанар гэдгийг санаарай.