Автомашин үйлдвэрлэгч Германы Mersedes-Benz компанийн Хятадтай хамтарсан Beijing-Benz компани тус улсаас 520 мянга орчим автомашинаа эргүүлэн татахаар болсон талаар 20-ны өдөр Хятадын эрх баригчид мэдэгдэв.
Хятадын Зах зээлийн зохицуулалтын хороо дээрх мэдээллийг мэдэгдсэнийг тус улсын хэвлэл мэдээллийн агентлагууд онцолжээ.
Энэхүү шийдвэрийн хүрээнд 2011 оны 8-р сарын 30-аас 2019 оны 4-р сарын 3-ны хооронд Хятад улсад импортоор орж ирсэн 241,861 нэгж A, B, CLA, GLA ангиллын автомашинаас гадна 2014 оны 3-р сарын 13-аас 2019 оны 10-р сарын 12-ны хооронд Хятадад үйлдвэрлэсэн 281,233 нэгж GLA ангиллын автомашинуудыг эргүүлэн татахаар төлөвлөсөн байна. Энэхүү ажлыг ирэх 11-р сарын 27-ны өдрөөс албан ёсоор эхлүүлэх гэнэ.
Хятадын Зах зээлийн зохицуулалтын хорооны зүгээс “Эргүүлэн татахаар болсон тээврийн хэрэгслийн дугуйн хурд мэдрэгчийн бүрхүүлийн чийгний хамгаалалт хангалтгүй байж болзошгүй бөгөөд энэ нь халуун, чийглэг орчинд удаан хугацаагаар ашиглах үед мэдрэгчид гэмтэл учруулах аюултай” гээд үүнээс үүдэн тээврийн хэрэгслийн тогтвортой байдлын хяналтын зарим функцэд асуудал үүсэх эрсдэлтэй хэмээн тайлбарлав.
Эх сурвалж: SBS Biz