Ажлын байран дээрх осол гэмтлийг залруулахдаа сэтгэцийн эрүүл мэндийг орхиж болохгүй
8 сарын 20. 13:330

Ажилчдын сэтгэцийн эрүүл мэнд байгууллагын нийт амжилтад чухал нөлөөтэй байдгийг анзаарснаас хойш яриа ажлын байр, бизнесийн сүүлийн үеийн нэгэн чухал сэдэв болоод байгаа билээ. Хөдөлмөрийн эрүүл мэнд судлаачдад ч энэ байдал нэмэр болж, энэ асуудлаарх судалгаа, шинжилгээ, мэдлэг мэдээлэл арвин болж байна.

Үүнтэй холбоотой, нэн чухал боловч тэр болгон сөхөгдөөд байдаггүй нэг асуудал бол сэтгэцийн эрүүл мэнд болон ажлын байран дээрх осол гэмтлийн нягт холбоо хамаарал, харилцан үйлчлэл юм. Товчхондоо сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас болж ажлын байран дээрх осол гэмтэл нэмэгдэж, нөгөө талаас ажил дээрх ослоос шалтгаалан сэтгэцийн эмгэг үүсэж, улам дорддог талтай.

Аливаа байгууллагын хамгийн чухал хөрөнгө буюу ажилчдын тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэл ихтэй байдаг учир дээрх хоёр асуудлыг хамтад нь авч үзэх хэрэгтэй юм.

 

 

Сэтгэцийн эрүүл мэнд ба ажлын байран дээрх осол гэмтэл

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ч тэр, ажил дээрх осол гэмтэл ч тэр байгууллага, нийгэмд зардалтай, хувь хүн, тэдний гэр бүл, ажлын хамт олон, ажилчдаа дэмжих тогтолцоонд их хэмжээний хохирол дагуулдаг.

Ажлын осол болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудаас үүдэн гарах зардлууд олон янз байдаг ч, хоёул давхацсанаар эмчилгээний зардал, цаг хугацааг хоёроос арав дахин үржүүлдгийг нотлох баримтууд харуулж байна.

Гэвч хоорондоо нягт холбоо хамааралтайг нь үл харгалзан өнөөг хүртэл дээрх хоёр сэдвийг холбон судалсан нь тун ховор байв.

Тухайлбал, 1988 оноос хойш хийсэн нийт 147 судалгаанд орон орны 1.4 сая хүн оролцсон байдаг бөгөөд бүгдийнх нь үр дүн ажлын байран дээр ажилтнуудын бие махбод болон сэтгэл зүйн тав тух, эрүүл мэндийг хамтад нь анхаарахын чухлыг онцолж байна.

Сүүлийн үед нэгэн чухал арга барил болж буй мета шинжилгээгээр өнөөг хүртэл хийгдсэн бүх судалгааг системтэйгээр цуглуулж, нэгтгэн дүгнэж болдог болжээ. Улмаар илүү өргөн хүрээтэй, үнэнд илүү ойр тайлан, дүгнэлт боловсруулж, түүнээс бодитой гаргалгааг олж авч болох юм.

Ийн судалж үзэхэд хэн нэг ажилтан ажлын байран дээрээ түрүүлж сэтгэцийн асуудалтай болсон уу, эсвэл осолд өртсөн үү гэдгээс хамаарч тус хоёр хучин зүйлийн хамаарал тодорхойлогддог байна. Тухайлбал, ажлын байран дээрх ослоос шалтгаалан сэтгэцийн эсгэг үүсвэл, тэдний хооронд маш нягт, бөх холбоо тогтдог, харин эсрэгээр сэтгэцийн асуудлаас болон осолд өртсөн бол чухал боловч харьцангуй сул холбоо тогтдог гэж үзэж болохоор байна.

Осол гэмтлийн далд зардал

Ажлын байран дээр осол гэмтэл гарсан тохиолдолд бид хамгийн түрүүнд ажилтны бие махбодыг эмчлэх, эдгээхэд шуурхай анхаарал хандуулдаг. Гэтэл зөвхөн энэ талыг анхаарч, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг үл тоон орхиж болохгүй юм байна.

Ажил дээр тохиолдсон элдэв гэнэтийн ослоос шалтгаалан тухайн ажилтны сэтгэл зүйд айдас, түгшүүр, стресс, сэтгэцийн хямрал зэрэг асуудал үүснэ. Ингэхдээ шалтгаан нь өвдөлт, ичгүүр, цаашид орлого олж чадахгүй болох вий гэсэн болгоомжлол аль нь ч байж болно.

Дүн шинжилгээнээс үзэхэд, эргэлзэх, тээнэгэлзэх гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүд ихэвчлэн ажил дээрх жижиг, том ослуудын дараа илүү олширдог аж. Энэ асуудал даамжирснаар удалгүй сэтгэцийн эмгэг болж томордог байна. Түүнчлэн, ийм асуудлуудаас шалтгаалан биеийн гэмтэл эдгэх үйл явцад ч багагүй саад учруулдаг гэнэ.

Хамгийн анхаарууштай нь зөвхөн ослоос шалтгаалан сэтгэцийн эрүүл мэнд муудаад байдаг юм биш, нөгөө талаас сэтгэцийн эрүүл мэндээс шалтгаалан ажил дээрээ осолд өртөх магадлал мөн нэмэгддэг байна.

Өөрөөр хэлбэл, сэтгэцийн хувьд асуудалтай байгаа хүний танихуйн чадвар буурч, анхаарал сарних, шийдвэр гаргах чадвар болон хурд суларснаар ажил үүргээ гүйцэтгэхэд бэрх болгож, улмаар алдаа, осол гаргах үндэс болдог аж.

Жишээлбэл, сэтгэцийн хямралд орсон ажилтан ажилдаа төвлөрөхгүй, болзошгүй аюулыг анзаарахгүй, аюулыг зөв дүгнэж чадахгүй байдалд хүрдэг.

Цаашлаад, өөрийн сэтгэцийн асуудлаас болж шантарч, ичих зэргээсээ шалтгаалан тухайн ажилтан өөрт шаардлагатай тусламж эрэхээс татгалздаг байдал нь осолд өртөх эрсдэлийг улам нэмдэг байна.

 

 

Харгис ажлын байрыг засах нь

Ажлын байран дээрх осол гэмтэл агаад сэтгэцийн эрүүл мэндийн нягт холбоо хамааралтай байдлыг авч үзвэл, эдгээх, нөхөн сэргээх цогц арга хэмжээ шаардлагатай байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, осолд өртсөн, гэмтсэн ажилтныг эдгээх, эмчлэх явцад сэтгэл зүйн тусламж давхар үзүүлснээр тухайн ажилтны тав тухыг илүү нарийн хангаж, цаашид дахин осол гаргахаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга болж байна.

Иймд ажил олгогчид болон компанийн бодлого тодорхойлогч нар ажилчдын бие махбод болон сэтгэцийн эрүүл мэнд хоорондоо салшгүй холбоотой байдгийг бодолцож, аль аль хэрэгцээг нь хангах талаар арга хэмжээ, хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Үүнд сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, ажилтнууддаа таниулах, үйлчилгээ үзүүлэхэд зориулсан аюулгүй, тохиромжтой орчин бүрдүүлэх, ажлын байран дээрх стрессийг бууруулах стратеги баримтлах зэрэг багтана.

Аливаа асуудлаас үр дүнтэй урьдчилан сэргийлж, ажилтнуудынхаа сэтгэл зүй, бие махбодын аюулгүй, тогтвортой байдлыг хангаж чаддаг байгууллага болбол ажилчдынхаа сэтгэл зүйг хайхардаггүй хэвшмэл ажлын байрыг засан сайжруулж, урт хугацаандаа эрүүл, бүтээмжтэй ажлын орчныг хөгжүүлэх үндэс зөв тавигдах юм.

Эх сурвалж: CONVERSATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15
Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
02024-11-2 14:48
Ажил, амьдралынхаа тэнцвэрийг хангахад туслах дөрвөн арга
02024-11-1 17:11
Стресстэй ажил зөнөхөөс сэргийлдэг гэв
02024-10-25 21:13
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
12024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09