Байгууллагын соёлын бичигдээгүй дүрэм
Байгууллага бүр шинэ ажилтнаа өөрсдийн гэсэн соёлоороо угтан авч зорилго, зорилт, эрхэмлэдэг зүйлс болон дотоод журмынхаа талаар танилцуулдаг.
Гэвч цаасан дээр бичигдээгүй дүрэм гэж бий. Ажлын явц, арга барил энэхүү дүрэмд захирагдахаас гадна энэ нь байгууллагын соёлыг тодорхойлж байдаг.
Тухайлбал энэхүү соёл нь дарга өрөөндөө байхгүй тохиолдолд юу хийхийг тань хэлж өгнө. Энэ бүхний зааврыг цаасан дээр бичиж батлаагүй бөгөөд та ажлын орчноо ажиглаж мэдэх зүйлс юм.
Бизнетворк Консалтинг ХХК-аас хувь хүний хөгжил, карьер хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд явуулсан судалгаанд үндэслэн дараах зөвлөмжийг хүргэж байна.
Танай байгууллагт тогтсон дүрэм журам гэж бий юу? Цаг үеээ дагаад танай байгууллагын соёл ч бас өөрчлөгдөж байгааг та анзаарсан уу? Хэрхэн шийдвэрлэж байна. Ямар гарц хайж байна? гэх асуултуудад дараах зөвлөгөө тус нэмэрээ өгнө гэдэгт итгэж байна.
- Ажлын цаг уян хатан
Байгууллага үнэхээр ажлын цагийн уян хатан нөхцөлтэй байна уу? Эсвэл ажилчдын ихэнх нь өглөө 9 цагт ирээд 18 цаг болсон байхад хаалгаар гарч өгөхгүй байна уу? Ер нь өдрийн цагаар түргэхэн банк гүйсэн, эмийн сан орсон хүн байна уу эсвэл тэд тухтай сандалнаасаа өндийхгүй байна уу?
Ярилцлагын үеэр танд юу ч гэж хэлсэн бай ажлын өдрийн бодит байдал, таниас хүлээж буй хүлээлтийг мэдэрсний дараа нэмэлт ажлаа төлөвлөөрэй.
- Ажлын өдрийн дуусах цаг
Даргыг тарах хүртэл хэн ч тардаггүй байгууллага байх нь бий. Дарга нь өдөр бүр 20 цагт ажлаа дуусгана.
Ийм нөхцөл байдалд түрүүлж тарах нь зохимжгүй. Таны эрт ирснийг бараг хэн ч мэдэхгүй хэрнэ түрүүлж тарахыг тань бүгд мэднэ. Тухайн өдрийг хэчнээн үр бүтээлтэй өнгөрүүлсэн ч дийлэнх ажилчдаас түрүүлж тараад байвал ажлын идэвхи сул гэж дүгнүүлнэ.
Хамгийн гол нь та хийх ажлаа хийсэн түүнийг нь дарга мэддэг байх учиртай. Хэрэв илүү цагаар сууж ажиллах дарамт арилахгүй эсвэл уртасгасан ажлын цаг таны ажлын үзүүлэлтийг бууруулаад байвал энэ байгууллагын соёл танд тохирохгүй бололтой.
- Нээлттэй хаалганы бодлого
Даргын өрөө үргэлж нээлттэй гэж танилцуулсан уу? Хүссэн үедээ шинэ санаагаа хуваалцаарай! Таны саналыг бид сонсох болно!
Гэвч бодит байдал арай л өөр байж магадгүй. Захирлын өрөөнд цувж ороод гайхалтай санаануудаа хуваалцаж суухад танай менежер лав дуртай байхгүй.
Нээлттэй хаалга гэх санаа нь сайхан боловч арай л хэвшил болоогүй. Захирал үргэлж өрөөндөө байхгүй эсвэл ховорхон тохиолдолд тантай хэдэн минут л ярилцана.
Хэрэв даргын өрөө нээлттэй гэж хэлсэн бол бусад тань энэ боломжийг ашиглаж байгаа эсэхийг хараарай. Том санаагаа өвөртлөөд итгэл дүүрэн хаалга онгойлгохоос өмнө баттай мэдээлэлтэй байх хэрэгтэй.
- Хариу мэйл хэзээ илгээх талаар
Менежер тань орой болж байхад шинэ ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл илгээнэ. Яаралтай хариу өгөх шаардлагагүй гэж хэлсэн нь танд шууд дарамт үүсгэхийг хүсээгүй учраас тэр байх. Гэтэл маргааш өдөр таниас бусад нь таныг унтаж байхад солилцсон мэйл, мэдээллийн талаар ярилцахад та хамт олноос тусгаарлагдсан мэт санагдана.
Ажилд хэзээ, хэрхэн оролцох учиртайгаа мэдэх нь чухал. Тиймээс хамт олноосоо дохио ав. Мэдээж дарга руу мессэж бичихийн тулд унтлагын цагаа өөрчлөхгүй ч өглөө сэрээд хоцорсон мэдээллээ авч, бусадтай хөл нийлүүлэх хэрэгтэй.
- Хувцаслалт
Ярилцлагын өдөр ажил горилогчтой уулзах гэж, харин ажлын эхний өдөр хамт олонтой мэндчилэх гэж хамгийн сайхан хослолоо өмссөн байх. Гэхдээ энэ хэв маягийг өдөр бүр давтах хэрэгтэй юу?
Ажлын өрөөгөөр алхахдаа ажилчид жийнс, даавуун өмд, сорочки, ноосон цамц гээд өдөр тутмын, ажил хэрэгч хувцасны алийг өмссөнийг анзаараарай. Мэдээж таны үүрэгт ажлаас хамаарч энгийн цамц эсхүл сорочкины сонголтоос шалтгаална. Ямартай ч таны хувцаслалт өөртөө итгэх итгэл, бүтээлч байдал, өрсөлдөхүйц байдалд нөлөөлдгийг санаарай. Бусдад ямар сэтгэгдэл төрүүлмээр байна түүний дагуу хувцасла.
- Амралт авах талаар
Байгууллага бүрийн ажил, амьдралын талаарх ойлголт харилцан адилгүй. Таны гэрээ эсвэл байгууллагын дотоод журамд амралтын талаар тайлбар бий. Харин энэ дүрэм, гэрээг яс мөрдөх эсэхийг хамт олны тань үйлдэл хэлнэ.
Хүмүүс олон хоногийн амралт төлөвлөж байна уу? Эсвэл ганц нэг өдрийн чөлөөнөөс хэтрэхгүй байна уу?
Тэгэхээр танд юу ч гэж хэлсэн цаасан дээр, таны мэдэх ёстой бүх зүйл байхгүй гэдгийг анхаараарай. Ажиглах чадвараа ашигласнаар бусадтай ижил хурдаар алхаж чадна. Ажлын ёс зүйгээ сэвтүүлэхийг хүсэхгүй байвал кофены аягаа хаана хадгалдаг болохыг мэдэх үеэс эхлэн бичигдээгүй дүрэм тогтсон байдаг юм шүү.