“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫГ ХАНГАХ ТОГТВОРТОЙ ӨРТГИЙН СҮЛЖЭЭ” СЭДЭВТ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР
Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Монголын Бүтээмжийн Төвөөс санаачлан Азийн Бүтээмжийн Төв, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Глобал Коммунитс ОУБ, Сүүний Салбарыг Хөгжүүлэх Үндэсний зөвлөл хамтран 2019 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Хүнсний аюулгүй байдал, чанарыг хангах тогтвортой өртгийн сүлжээ” сэдэвт чадавхийг бэхжүүлэх үндэсний семинарыг зохион байгууллаа. Тус семинарт хүнсний салбарын оролцогч байгууллагуудын төлөөлөл 37 хүн оролцов.
Семинарын зорилго нь хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог үндэсний хэмжээнд оновчтой хэлбэрээр бий болгож салбарын оролцогчдыг олон улсын арга туршлагаас суралцуулах явдал бөгөөд семинарыг Хүнсний аюулгүй байдлын олон улсын зөвлөх, Азийн Бүтээмжийн Байгууллагын (АББ) зөвлөх доктор Ёнг Кок Сэнг удирдан явууллаа. Тус семинараар хүнсний аюулгүй байдлын удирдлага, технологи, үйлдвэрлэгчдийн түвшинд чанарын хяналтын системийг хэрэгжүүлсэн Азийн олон улс орнуудын сайн туршлагыг танилцуулсан нь оролцогсдын сонирхолыг татлаа. Мөн хүнсний аюулгүй байдал, чанарыг нэмэгдүүлэхэд дижитал технологийг нэвтрүүлэх арга зам, боломжуудыг Азийн Бүтээмжийн Байгууллагын (АББ) зөвлөх доктор Чиу удирдан танилцууллаа. Үүнээс бүтээгдхүүний савлагаан дах QR кодоор түүний гарал үүсэл, шат дамжлагыг мөшгин тодорхойлдог аргачлалыг илүүтэй сонирхож түүнийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх боломжтой гэж үзэж байна. Оролцогчид хүнсний аюулгүй байдлыг хангах, бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтыг хэрэгжүүлэхэд салбарын оролцогч талуудын хамтын ажиллагаа, санаачилгыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ба тогтвортой, найдвартай, аюулгүй хүнсний өртгийн сүлжээг бий болгож хүнсний салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах арга зам, сайн туршлагуудаас өөрсдийн үйл ажиллагаандаа алхам алхамаар нэвтрүүлж эхлэх боломжтой болохыг олж мэдэж, энэ чиглэлийн мэдлэг хандлагаа өөрчилж чадлаа.